БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бүгд Найрамдах Сингапур Улсад зорчих нийт иргэдэд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тус улсын хууль тогтоомжийг судлан дагаж мөрдөх, ёс заншилд хүндэтгэлтэй хандахыг Эрхэм танд санал болгохын ялдамд доорх зөвлөмжийг чанд мөрдөхийг зөвлөж байна. Үүнд:

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирэх өдрөөс таны доод тал нь 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх);
  • Аялалын хоёр талын тийз бичүүлсэн байх;
  • Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн байцаагч тус улс руу нэвтрэх эрх болон виз /аялах хугацаа/-ний зөвшөөрлийг олгох тул өөрийн аялалын зорилго, байх хугацаа, буудал, байрлах хаяг зэргийг дэлгэрэнгүй бичих, бусад шаардлагатай бичиг баримт болон 1000 хүртэл сингапур доллар бэлнээр  биедээ авч явах;
  • Иргэн та Сингапур Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй боловч Хил, гаалийн байцаагчаас танд зөвшөөрсөн хугацааг хэтрүүлэхгүй байх;
  • Хэрэв та урьд нь тус улсад ял эдэлж байсан болон зөрчил гарган цагдаад бүртгүүлж байсан бол дараахь цахим хаягаар орж тус улсад нэвтрэх зөвшөөрөл хүснэ үү. http://www.ica.gov.sg/page.aspx?pageid=362
  • IMM 27E маягт нь Сингапур Улсын хилээр орох болон гарах мэдээллийг агуулсан Хил, гаалийн албаны бүртгэлийн баримт бичиг тул танд үлдээсэн талыг хаяж, үрэгдүүлж болохгүй;
  • Сингапурын гааль, татварын газраас зөвшөөрөл аваагүй тохиолдолд дараахь эд зүйлсийг Сингапур улсын нутаг дэвсгэрт оруулахыг хатуу хориглоно. Үүнд:
    • Бохь (эмчилгээний зориулалттай бохьноос бусад);
    • Зажилдаг тамхи болон электрон тамхи;
    • Гар бууны хэлбэртэй эд, зүйл болон тамхины асаагуур;
    • Сэтгэцэд нөлөөлдөг эм, бэлдмэл болон мансууруулах бодис;
    • Нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн;
    • Салют эсхүл тэсэрч дэлбэрэх бодис;
    • Садар самуун бүхий сонин сэтгүүл, бичлэг, диск болон програм хангамж;
    • Зохиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан сонин сэтгүүл, бичлэг, диск, лазер диск, кассет болон хуурцаг;
    • Тус улсын бодлого зарчмаас тэрсэлсэн болон өдөөн хатгасан материал болон мэдээ, мэдээлэл агуулсан биет зүйл;
    • Эмчийн жоргүй эм, бэлдмэл, уламжлалт тан, шүдэнз, баллонтой шүршигч, химийн бодис, цэвэрлэгээний шингэн, керосин, хий, будаг болон түүнийг шингэрүүлэгч, үнэт чулуу болон эдлэл, үслэг эдлэл, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлэн мөнгө, зоос маркны цуглуулга.
  • Хилээр орох болон гарах үед 20,000 –аас дээш сингапур доллар бэлнээр эсхүл түүнтэй тэнцэх бусад мөнгөн тэмдэгт авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (Хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн таны эд зүйл, бэлэн мөнгийг хураах болохыг анхааруулж байна);
  • Иргэн та анхаарал болгоомжтой байх, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа, тээш, эд зүйлс авч явахгүй байх (Сингапур улсад үйлчилж буй Мансууруулах бодисын тухай хуулиар Мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэх, худалдах, ашиглахыг хатуу хориглодог бөгөөд цаазаар авах хүртэлх хүнд ялыг оноодог);
  • Дараах Эрүүгийн хуульд заасан хэмжээ, журмыг зөрчихгүй байхад онцгой анхаарвал зохино. Үүнд:
    • Согтуурсан болон мансуурсан этгээд олон нийтийн газар бие зөв бус авч явах нь Эрүүгийн хуулийн 510 зүйлийн дагуу 6 сар хүртэл хугацаатай ял эдлэх, 1000 хүртэл сингапур долларын торгууль төлөх эсвэл 2 ялыг зэрэг оногдуулах үндэслэл болно.
    • Садар самуун үгтэй дуу аялах, шүлэг унших, үзүүлбэр үзүүлэх, аливаа үйлдэл хийх нь Эрүүгийн хуулийн 294 зүйлийн дагуу 3 сар хүртэл хугацаатай ял эдлэх, торгууль төлөх эсвэл 2 ялыг зэрэг оногдуулах үндэслэл болно.
    • Садар самуун уран зураг, ном, сэтгүүл, хуурцаг, бичлэг, аливаа бүтээгдэхүүн худалдах, түрээслэх нь Эрүүгийн хуулийн 292 зүйлийн дагуу 3 сар хүртэл хугацаатай ял эдлэх, торгууль төлөх эсвэл 2 ялыг зэрэг оногдуулах үндэслэл болно.
    • Санаатайгаар бусдын хөдөлгөөнд саад учруулах, зам хаших боох нь Эрүүгийн хуулийн 341 зүйлийн дагуу 1 сар хүртэл хугацаатай ял эдлэх, 1500 хүртэл сингапур долларын торгууль төлөх эсвэл 2 ялыг зэрэг оногдуулах үндэслэл болно.
    • Тэгш бус мөртэй аливаа жин хэмжүүрийн хэрэгсэл, төхөөхөмж ашиглалтаар бусдад хохирол учруулах нь Эрүүгийн хуулийн 292 зүйлийн дагуу 1 жил хүртэл хугацаатай ял эдлэх, торгууль төлөх эсвэл 2 ялыг зэрэг оногдуулах үндэслэл болно. (Хэрэв таны хийсэн худалдан авалт хууль бус жин, жигнүүр ашиглсан хэмээн үзэх үндсэлэл байгаа бол иргэн та холбогдох хуулийн байгууллагат гомдол гаргаж болно);
    • Тэжээвэр нохой бусдад гэмтэл учруулсан бол уг нохойг эзэмшигч нь Эрүүгийн хуулийн 292 зүйлийн дагуу 5000 хүртэл сингапур долларын торгууль төлөх үндэслэл болно. (Хэрэв та Сингапурт аялах хугацаанд нохойнд уруулах буюу хазуулах тохиолдолд нохой эзэмшигчийн хувийн мэдээллийг яаралтай авч цагдаагийн хэсэгт бүртгүүлж, холбогдох эмчилгээний зардлыг гаргуулах гомдол гаргаж болохыг анхааруулж байна);
    • Нийтийн эзэмшлийн гудамж, зам, усан сан (фонтан, зориулалтын бус бассейн), усны танк, ус түгээж буй цорго зэрэг зориулалтын бус газар хувийн ариун цэвэр сахин бие угааж, цэвэрлэх нь 1000 хүртэл сингапур долларын торгууль төлөх үндэслэл болно.
    • Авто замын хөдөлгөөнд саад учруулж болох цаасан шувуу хөөргөх, алсын удирлага бүхий тоглоом хөөргөх болон тоглох, цахилгаан утасны сүлжээг ашиглах нь 5000 хүртэл сингапур долларын торгууль төлөх үндэслэл болно.
    • Тайван байдлыг алдагдуулах аливаа дуу чимээ гаргах, бусдад тав тухгүй байдал үүсгэх нь 1000 хүртэл сингапур долларын торгууль төлөх үндэслэл болно. (22:00 цагаас хойш та караоке дуулах, автомат угаалгын машин ашиглах зэргийг хатуу хориглоно);
    • Архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм, бэлдмэл бүхий бүтээгдэхүүн эмнэлэгт авч орохыг завдах, авч орох нь 2 сар хүртэл хугацаатай ял эдлэх, торгууль төлөх эсвэл 2 ялыг зэрэг оногдуулах үндэслэл болно.
    • Метрогоор явж байхад хоол идэх, юм уух, тамхи татах болон бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах нь 1000 хүртэл сингапур долларын торгууль төлөх үндэслэл болно.
    • Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг ажиллуулж зогсох нь 100 сингапур долларын торгууль төлөх үндэслэл болно. Хэрвээ та уг торгуулийг төлөлгүй давтан үйлдэх тохолдолд нэмэлт 70 сингапур долларын торгууль төлөх бөгөөд эдгээр торгуулийг төлөөгүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар дамжуулан 5000 хүртэл сингапур долларын торгууль төлөх үндэслэл болно.
  • Хэрэв та Сингапур Улсад 1-ээс дээш сарын хугацаагаар байх бол Элчин сайдын яамны singapore@mfa.gov.mn цахим хаягт өөрийн овог, нэр, холбоо барих утас, цахим хаяг, гадаад паспорт болон регистрийн дугаар мэдээллийг өгч бүртгүүлнэ үү.

 

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСАД ХИЙХ ТАНЫ АЯЛАЛ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ, ДУРСАМЖ ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ!

 

СИНГАПУР ДАХЬ ЭСЯ

 

Like us

Tweets