You are here
Home > Зорчих, Амьдарч, Ажиллах Талаарх Мэдээлэл
  • Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд байгуулсан Засгийн газар хоорондын гэрээний дагуу хоёр улсын иргэд аялал жуулчлалын шугамаар 30 хоногийн хугацаанд визгүй зорчино;
  • Бүгд Найрамдах Сингапур Улсад амьдрах, оршин суух, суралцах зэрэг бүхий л зорилгоор оршин суух зөвшөөрлийг Immigration and Checkpoint Authority (https://www.ica.gov.sg)-аас олгодог. Тус байгууллагын цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Харин ажиллах зөвшөөрлийн хувьд Хүний нөөцийн яамнаас олгоно (http://www.mom.gov.sg/);
  • Бүгд Найрамдах Сингапур Улсад байх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хоёр сар хүртэлх хугацаагаар сунгах боломжтой бөгөөд хоёр сараас дээш хугацаагаар ажил эрхэлж байх хүсэлтэй тохиолдолд дараахь төрлийн визтэй:
    • EMPLOYMENT PASS – Ажил эрхлэх эрх бүхий виз бөгөөд нэг эсхүл хоёр жилийн хугацаагаар олгодог (сунгах боломжтойгоор). Энэ төрлийн визны хувьд нэгдүгээрт, Сингапур Улсын аж ахуйн нэгж тухайн иргэнийг ажилд авахыг зөвшөөрсөн, хоёрдугаарт, сард 3600 син.доллараас дээш дүнтэй сарын цалинтай байхаар тогтсон, гуравдугаарт, зохих түвшний боловсролын зэрэгтэй байх гэсэн үндсэн гурван шаардлагатай. Үүнээс гадна тухайн тохиолдол бүрт тохируулан нэмэлт шаардлагууд тавигддаг байна. Жишээ нь, их, дээд сургуулиа дүүргээд удаагүй шинэ боловсон хүчний хувьд 3600 син.долларын сарын цалингийн дүнтэй байхад хангалттай бол илүү туршлагатай, төгсөөд удсан ажилчдын хувьд илүү өндөр шаардлагыг тавьдаг;
    • S-PASS – дунд түвшний ажил эрхлэх эрх бүхий виз бөгөөд доод тал нь 2200 син. долларын цалинтай байх, зохих түвшний боловсролын зэрэгтэй байх үндсэн шаардлагатай. Мөн л нэмэлт шаардлага тавих, бичиг баримт шаардах магадлалтай.
  • Дээрх төрлийн визийг виз мэдүүлэгч өөрөө бус тухайн иргэнийг ажилд авахыг хүссэн Сингапур Улсын аж ахуйн нэгж мэдүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, өөрийн байгууллагадаа ажилд авч, хуульд тавигдсан шаардлагын дагуу үнийн дүн бүхий цалинг олгохыг хүлээн зөвшөөрсөн аж ахуйн нэгж (Сингапур Улсын аж ахуйн нэгжүүдэд гадаад улсын иргэдийг авах тоог мөн хязгаарласан байдгыг анхаарна уу) нь тус иргэний бичиг баримтыг Хүний нөөцийн яаманд мэдүүлэх юм;
  • Та ажил эрхлэх дээрх төрлийн визний шаардлагад нийцэж буй эсэхээ http://www.mom.gov.sg/passes-and-permits/employment-pass/eligibility цахим хаягт буй Self-Assessment Tool программыг ашиглан урьдчилан өөрөө шалгах боломжтой. Энэхүү программаар шаардлагад нийцэж байгаагаар гарах юм бол бодит байдалд 90 хувьтай нийцдэг;
  • Дээрх шаардлагаас гадна төгссөн сургуулийн зэрэглэл, ажлын туршлага, эзэмшсэн мэргэжлийн төрөл зэргээс хамаарч өөр нэмэлт шаардлага тавигдах магадлалтайг анхаарах;
  • Гадаад улсын иргэн ажил эрхлэх эрх бүхий Work permit for Foreign Worker нь Бүгд Найрамдах Сингапур Улсын бусад улстай байгуулсан хоёр талт гэрээний үндсэн дээр үйлчилгээ, барилга, үйлдвэрлэлийн салбарт ажиллах эрхийг олгодог. (Монгол Улс эдгээр улсын тоонд ороогүй тул олгох боломжгүй. Тус улсад урт хугацаагаар өөр төрлийн визээр оршин суусан зарим Монгол Улсын иргэдэд олгосон бөгөөд дэлгэрэнгүй шаардлагыг цахим хуудаснаас авна уу).

Бүгд Найрамдах Сингапур Улсын боловсролын тогтолцоо нь тус улсын Боловсролын яамны (Ministry of Education, http://www.moe.gov.sg) эрхлэх асуудлын хүрээнд харьяалах бөгөөд тус улсын их, дээд сургуулиуд нь Азид тэргүүлэх боловсролын түвшинтэйгээрээ алдартай.

Сингапурын их, дээр сургуулиуд Их Британи, АНУ болон Европын бусад улсын алдартай их, дээд сургуультай гэрээтэй байдаг тул хосолсон диплом авах боломжтой байдаг. Аюулгүй орчин, тайван байдал, барууны улстай харьцуулахад боловсролын өртөг хямд, олон үндэстний бодлого зэргийг харгалзан гадаад улсаас тус улсад суралцах оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна.

ОЮУТНЫ ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ: 

  • Сингапур улсад суралцах хүсэлтэй хэн бүхэн суралцах сургуулиа нэн тэргүүнд сонгож, сургуульдаа бичиг баримтаа илгээнэ. Суралцах сургуулиа сайтар судалж, өөрийн сонирхлын сэдвийг тодорхойлох нь чухал. Сургууль бүр өөрийн тусгай шаардлагуудыг цахим хуудаснаа байршуулсан байгаа. Сургуулиас Таныг хүлээж авахыг хүлээн зөвшөөрснөөр Student Pass буюу тус улсад оюутны журмаар оршин суух эрхийг авахаар мэдүүлэх боломжтой болно;
  • Сургуульдаа бүртгүүлсэн оюутан бүр Student’s Pass OnLine Application & Registration (SOLAR+) -ын системээр дамжуулан дараахь хаягаар хандаж, бүртгүүлэх ёстой: https://solarplus.ica.gov.sg/solarplus-ica/index.do.
  • SOLAR системээр дамжуулан бүртгүүлсэн бүртгэлийн хуудсыг, бусад шаардлагатай бичиг баримтын хамт Immigration and Checkpoint Authority (https://www.ica.gov.sg)-д биечлэн өгөх шаардлагатай. Орох/гарах виз шаардлагагүй улсын иргэдийн хувьд оюутны оршин суух зөвшөөрөл буюу Student Pass-ыг ажлын 3-5 хоногийн дотор шийдвэрлэх болно (6-8 сарын хооронд ачаалалтай байдаг тул илүү урт хугацаа шаардлагатай).

ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ:

Бүгд Найрамдах Сингапур Улсын Боловсролын яамнаас зарим их, дээд сургуульдаа тэтгэлэг олгох эрхийг олгодог. Тухайлбал, Сингапурын Улсын их сургууль (http://www.nus.edu.sg/), Сингапурын технологийн их сургууль (https://www.singaporetech.edu.sg/), Наньяангийн технологийн их сургууль (http://www.nus.edu.sg/);

  • Гадаад оюутнуудад олгох тэтгэлгийн мэдээлэл Боловсролын яамны цахим хуудсанд тухай бүр шинэчлэгддэг болно. Боловролын яамнаас олгож буй тэтгэлэг нь ихэвчлэн 100 хувь биш хэсэгчлэн байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй;
  • Олон улсын хэмжээний том компанийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдаж, улмаар үнэ төлбөргүй суралцах мөн боломжтой. Тухайлбал, Наньяангийн технологийн их сургууль мэдээллийн ухааны чиглэлээр 100 хувийн бүрэн тэтгэлэг олгодог. Ингэхдээ ихэвчлэн магистр, докторын зэрэгт суралцагсдад тэтгэлэг олгодгийг мөн анхаарна уу;
  • Singapore International Graduate Award (SINGA) цахим хаягнаас мөн Сингапур улсаас олгож буй гадаад улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах боломжтой;
  • Сургууль бүр өөрийн тэтгэлэгт хөтөлбөртэй бөгөөд энэ талаар сургуулийн цахим хуудаснаас судлах боломжтой.

ОЮУТНЫ АЖИЛ ЭРХЛЭХ ЭРХ:

Student Pass-ыг эзэмшигч оюутнуудад зөвхөн дараахь шаардлагад нийцсэн тохиолдолд ажил эрхлэх эрхтэй. Үүнд:

  • Зөвшөөрөгдсөн их, дээд сургуульд бүтэн цагаар хичээллэдэг, бүртгэгдсэн оюутан бол (Тухайн их, дээд сургуулийн жагсаалтыг http://www.mom.gov.sg/passes-and-permits/work-pass-exemption-for-foreign-students цахим хуудаснаас);
  • Immigration and Checkpoint Authority-аас оюутны оршин суух зөвшөөрлөө авсан бол;
  • Долоо хоногт 16 цагаас илүүгүй хугацаагаар ажиллах эсхүл сургуулиас дадлага хийх хэлбэрээр ажиллах боломжтой.

Үүнээс гадна зөвхөн зарим улстай байгуулсан гэрээний дагуу Work Holiday Pass буюу амралтаараа ажиллах эрх, их, дээд сургуулийнхаа хүрээнд дадлага хийх журмаар ажиллах буюу Training work permit-ын журмаар ажиллах боломжтой. Энэ тохиолдолд сургууль бүрийн нөхцөл, шаардлага өөр өөр байдаг. Сингапур Улсад дадлага хийх боломж, байгууллага, сургуулийн жагсаалт, мэдээллийг https://www.internsg.com/ цахим хаягаас авах боломжтой.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

  • Сайн байцгаана уу? Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сингапур Улсад өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн зар ихээр гарах болсонтой холбогдуулан иргэдээс дээрх асуудлаар асуулт тавин хандах болсон тул уг мэдээллийг та бүхэнд зөвлөмж болгон нийтэлсэн болно;
  • Зуучлалын байгууллагаар зуучлуулан Сингапур Улсад ажиллаж, амьдрах сонирхолтой байгаа иргэд та бүхэн зуучлалын үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжийн албан ёсны зөвшөөрөл, хуулийн этгээдийн бүртгэл зэргийг шалгаж, асуудалд анхааралтай хандахыг зөвлөж байна. Мөн бидний нийтэлсэн мэдээллийн дагуу бичиг баримтын бүрдүүлэлт, бүртгэлийг шалгаж үзэх боломжтой;
  • Сингапур Улс нь гадаадаас ажиллах хүч авах, ажиллах зөвшөөрөл олгох асуудлыг бодлогоор хатуу зохицуулсан байдаг тул та бүхнийг асуудалд анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Бид иргэдээс ирүүлж буй асуулгын дагуу тухайн зуучлалын үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс дүгнэлт хийх боломжгүй гэдгийг анхаарна уу!;
  • Тухайн улсын хууль, холбогдох журмын дагуу эрх бүхий байгууллагад хандан ажиллах зөвшөөрлийг албан ёсоор авч ажиллаж, амьдрах бололцоо Монгол Улсын иргэдэд нээлттэй бөгөөд шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны зүгээс та бүхэнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтой юм.
Top