You are here
Home > Иргэдэд Туслах Сан

Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын 2008 оны 110 дугаар тогтоолоор “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм“, Гадаад харилцаан сайдын тушаалаар “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийг хэрэгжүүлэх заавар” батлагдсан.

Монгол Улсын иргэн дараахь тохиолдолд Сангийн хөрөнгөөс тусламж авахаар өргөдөл гаргах эрхтэй.

  1. Хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарилыг эх оронд нь буцаах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;
  2. Хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, алан хядах ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;
  3. Хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэнийг эх оронд нь буцаах;
  4. Гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;
  5. Энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4-т заасан иргэний үндэсний гадаад паспортын хугацааг сунгах, буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;
  6. Хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль хяналтын байгууллагаар хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;
  7. Хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг дипломат төлөөлөгчийн газраас эргэх.

Бүрдүүлэх материал:

  1. Иргэдэд туслах сангаас тусламж хүссэн өргөдөл;
  2. Иргэний бичиг баримтын хуулбар;
  3. Дээр дурдсан нөхцөл байдалд орсон, төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, түүнийг нотолсон бичиг баримт.
Top