Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн бүртгэлийн тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.

          Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

  • Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гарагуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ,
  • Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 06 сарын 10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,
  • Сингапур дахь ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ манай газрын mongolianembassy.sg гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”ыг татаж /маягтыг эндээс татаж авна уу/ авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа дараах байдлаар ирүүлэх боломжтой. Үүнд:
    • Шуудангаар: Embassy of Mongolia, 600 North Bridge Road #24-08, Parkview Square, Singapore 188778
    • Факсаар: +65 63481753
    • И-мэйл хаягаар: singapore@mfa.gov.mn болон mongolianembassy.sg@gmail.com

           Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг Дипломат төлөөлөгчийн газраас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.

           Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

           Иргэн Та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Лавлах утас: +65 63480745

Like us

Tweets