You are here
Home > СИНГАПУР, ФИЛИППИН, БРУНЕЙ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

  • Сингапурт визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх,
  • Монгол Улсын иргэд Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд энэ хугацааг хэтрүүлэхгүй байх,
  • Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас дээр өөрийн аяллын зорилго, байх хугацаа, зочид буудал болон байрлах хаяг зэргийг дэлгэрэнгүй бичиж, Танд өгөх хувийг буцаж хилээр гарах хүртлээ үрэгдүүлж болохгүй,
  • Нийтийн тээврийн хэрэгсэл дотор юм идэх, зөвшөөрөлгүй газарт тамхи татах, бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх, бусдын зургийг зөвшөөрөлгүй авах зэргийг хуулиар хориглосон байдаг тул анхаарах

Бүгд Найрамдах Сингапур Улс оршин суух эрх олгох болон хууль бусаар оршин суух, ажил эрхлэх асуудлыг нарийн зохицуулан хуульчилсан байдаг ба визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд мөнгөн торгууль ногдуулдаг болно. Мөн хэлний сургалтад хувиараа суралцахаар ирж буй иргэд суралцах гэж буй сургуулийнхаа талаар нарийн судлах шаардлагатай байдаг. Учир нь тодорхой магадлан итгэмжлэгдсэн хэлний сургалтуудад оюутны оршин суух эрхийн үнэмлэх олгодог гэдгийг анхаарах. Магадлан итгэмжлэгдээгүй бусад хэлний сургалтад хамрагдсан тохиолдолд оюутны эрх олгохгүй бөгөөд 30 хоногийн визний хугацаа дуусахаас өмнө Та тус улсын хилээр гарахыг шаардах болно.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн сүлжээнд тус улсад ажиллаж, амьдрахад зуучилна гэсэн зуучлагч байгууллага, иргэдийн зар цөөнгүй нийтлэгдэх болсон ба иргэд зуучлагч байгууллагад хандахдаа сэрэмжтэй хандахыг зөвлөж байна.

  • Мөн тус улс нь өөрөө нисэгч төхөөрөмж буюу дрон ашиглан дүрс бичлэг хийхийг тодорхой хүрээнд зохицуулсан байдаг ба хязгаарлалттай бүсэд ашигласан тохиолдолд албадан буулгах болон мөнгөн торгууль оногдуулдаг болохыг анхаарах шаардлагатай.

Бүгд Найрамдах Сингапур Улс Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид элсээгүй тул олон улсын жолоодох эрхийн үнэмлэх ашиглахыг хориглодог.

Мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэх, худалдах, ашиглахыг хатуу хориглодог бөгөөд цаазаар авах хүртэлх ялыг оноодог тул Та анхаарал болгоомжтой байж, бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг онцгой анхаарна уу.

Сингапурт согтуурсан болон мансуурсан этгээд олон нийтийн газар биеэ зөв бус авч явах тохиолдолд 6 сар хүртэл хугацаатай ял эдлэх, 1000 хүртэл сингапур долларын торгууль төлөх эсхүл хуулийн энэ 2 заалтыг зэрэг оногдуулдаг болохыг анхаарна уу.

  • Бүгд Найрамдах Сингапур Улсын хилээр нэвтрэхэд анхаарах бусад зүйлс

Сингапурын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

Сингапурт аялахдаа доод тал нь 1000 сингапур доллар биедээ бэлнээр авч явах, харин 20,000-аас дээш сингапур доллар эсхүл түүнтэй тэнцэх валют бэлнээр биедээ авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх, хэрэв мэдүүлээгүй тохиолдолд мөнгийг хурааж авах журамтай болохыг анхаарах,

Улсын хилээр нэвтрүүлэх хориотой барааны жагсаалтыг дор дурдсан бөгөөд бусад бараа, материалаас илүүтэйгээр тамхи, тамхин бүтээгдэхүүний хорионд онцгой анхаарал хандуулдаг.  Хувийн хэрэглээний эм, эмийн бүтээгдэхүүн, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, насанд хүрсэн этгээд тус бүрт нэг литр согтууруулах ундаа, 200 ширхэг тамхи (татвар төлсөн тохиолдолд) нэвтрүүлэхийг тус тус хүлээн зөвшөөрдөг юм. Аливаа төрлийн бохийг улсын хилээр тээвэрлэх, тус улсад хэрэглэх нь хатуу хориотой бөгөөд 500 ам. долларын торгуультай.

Бүгд Найрамдах Сингапур Улсын хилээр нэвтрүүлэх хориотой барааны жагсаалт:

  • Бохь;
  • Зажилдаг тамхи болон аливаа төрлийн тамхи орлуулагч (электрон тамхи);
  • Шингэн тамхи;
  • Аливаа төрлийн утаагүй тамхи, навчин тамхи, дүнсэн тамхи;
  • Никотин болон тамхины ургамал агуулсан аливаа төрлийн бүтээгдэхүүн;
  • Тамхи татах зориулалтаар бус хэрэглэх боломжтой хэдий ч ямарваа нэгэн хэмжээгээр никотин болон тамхины бодис агуулсан бүтээгдэхүүн;
  • Хамрын тамхи, никотины агууламжтай хүлхдэг чихэр;
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэдэг тамхины орлуулагч (Gutka, Khaini, Zarda);
  • Гар бууны дүрс бүхий тамхины асаагуур;
  • Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл;
  • Ховордсон зэрлэг амьтан болон тэдгээрийн гаралтай бусад бодис;
  • Тэсэрч дэлбэрэх бодис (салют), тэсэлгээний хэрэгсэл;
  • Садар самуун сурталчилсан сэтгүүл, зурагт хуудас, видео хуурцаг болон бичлэг;
  • Зохиогчийн албан ёсны эрхгүй программ хангамж, видео болон аудио хуурцаг;
  • Ухуулгын материал (тухайн улс болон түүний улс төрийн тогтолцооны эсрэг өдөөн хатгалт, урвалтын агуулга бүхий баримт бичиг).

   Бүгд Найрамдах Сингапур Улсын Тамхины (Зар сурталчилгаа, худалдааны хяналт) тухай хуулийн дагуу электрон тамхи, электрон гаанс болон электрон сигарыг улсын хилээр нэвтрүүлэх, борлуулах, борлуулахыг санал болгох нь хатуу хориотой.  Мөн тамхин бүтээгдэхүүний агууламжтай, тамхины татах мэдрэмжийг төрүүлэх агууламж, дүрс хэлбэртэй бүх төрлийн бүтээгдэхүүнийг импортлох, түгээх, борлуулах, борлуулахыг санал болгох нь хориотой.

      Хууль зөрчсөн этгээдэд 10 000 ам. доллар хүртэлх мөнгөн торгууль эсхүл 6 сар хүртэлх хугацаагаар  хорих ял эдлэх хэмжээний ял ногдуулна. Давтан үйлдсэн тохиолдолд 20 000 ам.доллар буюу 12 сар хүртэлх хугацаагаар хорих ял эдлэх хэмжээний ял ногдуулна.  Мөн дээр дурдсан жагсаалтын 2-8-д буй тамхи болон тамхины агууламжтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх, борлуулах, борлуулахыг санал болгосон этгээдэд 10 000 ам. доллар хүртэлх мөнгөн торгууль эсхүл 6 сар хүртэлх хугацаагаар  хорих ял эдлэх хэмжээний ял ногдуулна.

БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАХ ЗҮЙЛС: 

  • Монгол Улсын иргэд Филиппин Улсад 30 хоног хүртэл визгүй зорчих эрхтэй.
  • Тус улс нь НҮБ-ын харьяа Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмж болон НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2016 онд баталсан тогтоолын дагуу хүчинтэй хугацааг гар аргаар сунгасан гадаад паспорттой иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байгааг анхаарна уу.
  • Филиппин Улс Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноор элссэн байдаг тул уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр олон улсын жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын иргэд жолоо барих эрхтэй байдаг.
  • Филиппин Улс газар зүйн байршлын онцлогоос шалтгаалан далайн шуурга, цаг агаарын гамшигт үзэгдэлд идэвхтэй бүсэд хамаардаг тул тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэд цаг агаарын урьдчилсан төлөвийг сайтар судалвал зохимжтой.
  • Иргэд сүүлийн үед тус улсаас гэрийн үйлчлэгч авч ажиллуулах нь элбэг болсон тул гадаадад ажиллах хүч илгээх асуудлыг эрхэлдэг Филиппиний Засгийн газрын агентлаг Philip­pine Overseas Employment Administration http://www.poea.gov.ph/ цахим хаягт хандаж тодорхой мэдээлэл авах болон мэргэжлийн гэрийн үйлчлэгч зуучлах эрх бүхий агентлагуудын жагсаалтаас сонголтоо хийж интернэтээр ярилцлага хийх ч  боломжтой юм.
  • Иргэд тус улсын хилээр зорчихдоо өөрийн авч яваа ачаа тээш, цүнхийг хараа хяналтандаа байлгах, хүнээс дайвар эд зүйлсийг авч хилээр нэвтрүүлэхгүй байх тал дээр онцгой анхаарах.
  • Үйлчилгээний газарт болон такси нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байхдаа задгай уух зүйлээр үйлчлүүлэх, дайлуулахаас татгалзахыг зөвлөж байна. Тус улсад мансууруулах, нойрсуулах үйлчилгээтэй бодистой ундны зүйлээр дайлах, уух зүйлд холих замаар жуулчдын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг түгээмэл гарч байгааг тус улсын цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. /Drink spiking/
  • Олон нийтийн газар зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг сайтар харгалзаж, үнэт эдлэлтэй явахаас татгалзах. Тус улсад зарим дэлгүүр үйлчилгээний газруудад ороход цүнхээ үлдээхийг шаарддаг ба энэ тохиолдолд цүнхэндээ үнэт эдлэл, бичиг баримт зэргийг үлдээхгүй байхыг анхаарах.
  • Тус улс нь халуун, чийглэг уурс амьсгалтай тул хортон шавьж болон ундны усны бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудлууд тулгарч болзошгүй байдаг тул та удаан хугацаагаар тус улсад зорчих, ажиллах, суралцах тохиолдолд вакцин хийлгэж эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.

БРУНЕЙ ДАРУССАЛАМ УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАХ ЗҮЙЛС:  

  • Бруней Даруссалам улсад Монгол Улсын дипломат болон албан паспорт эзэмшигч 14 хоног хүртэл хугацаанд визгүй зорчих эрхтэй ба энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд визтэй зорчдог.
  • Албан ёсны шашин нь ислам. Нийт хүн амын 67 хувь нь исламын шашин шүтдэг бол 13 хувь нь буддын шашин, 10 нь христийн шашин, үлдсэн 10 хувь нь бусад шашин шүтдэг байна. Мөн шариатын хатуу хууль үйлчилдэг тул тус улсад албан болон хувийн хэргээр зорчих иргэд тус улсын соёл, ёс заншлын талаар урьдчилан судлах нь зүйтэй.
  • Тус улсад албан болон хувийн хэргээр зорчих гэж байгаа тохиолдолд таны гадаад паспортын дуусах хугацаа зургаагаас дээш сарын хугацаатай байх болон зургаан хоосон хуудастай байхыг шаарддаг.
  • Бруней Даруссалам Улс Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноор элсээгүй тул олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг ашиглахыг хориглодог.
  • Жуулчдын эсрэг гэмт хэрэг маш бага хувьтай байдаг хэдий ч хулгайн гэмт хэрэгт өртсөн гадаадын иргэд байдгийг анхаарч бичиг баримт, үнэт зүйлсээ анхаарах.
  • Тус улс нь хууль болон зан заншлын зохицуулалтаар эмэгтэйчүүдийн эрхийг зарим талаар дордуулсан байдаг тул эмэгтэй зорчигчдын хувьд тухайн улсын ёс, зан заншлыг сайтар судлах хэрэгтэй, эмэгтэй хүн мөр, гарын бугуй хэсэг, хөлийн шилбэ хэсгээ аль болох далдалсан хувцас сонгож өмсөхийг зөвлөж байна. Мөн зарим үйлчилгээний газар, шашны сүм хийдүүд эмэгтэй жуулчдыг оруулдаггүй болохыг анхаарах.
  • Мөн хууль болон шашны үзэл баримтлалын хувьд ижил хүйстэн, бэлгийн цөөнхийн зан үйлийг хориглодог тул ялгаварлан гадуурхалтад өртөхөөс зайлсхийх.
  • Тус улс нь хилээр 17 наснаас дээш этгээд 2 хүртэл лонх согтууруулах ундааны төрлийн зүйл буюу нийт 2 литр хүртэл хилээр нэвтрүүлэх эрхтэй /гаалийн мэдүүлэгт мэдүүлсэн тохиолдолд/ мөн түүнийгээ худалдан борлуулахыг хуулиараа хориглодог байна.
  • Үнэртэй ус 60 мл-ээс бага савлагаатай.
  • Хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэх хуудсыг худал буюу хуурамчаар мэдүүлсэн тохиолдолд тус улсын гаалийн хуулийн дагуу гэмт хэрэгт тооцдог.
  • Исламын шашны үзэл баримтлалын дагуу та тус улсын хилээр гахайн мах болон гахайн махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг хуулиар хориглодог.
  • Мөн тус улсын хилээр Энэтхэг болон Израйл улсын мөнгөн тэмдэгтийг оруулахыг хориглодог.
  • Рамадан буюу ариун сар рамадан мацаг барих тодорхой цагт хоолны газрууд ажиллахгүй байх магадлалтай тул Аялж, зорчих улирлыг судлах.
  • Садар самуун сурталчилсан буюу агуулга бүхий дүрс бичлэг, зурагт хуудас аливаа эд зүйлийг хилээр нэвтрүүлэхийг хориглодог.
  • Тамхи тамхины төрлийн зүйлийг хувийн хэрэгцээнээс хэтэрсэн тоо ширхэгээр хилээр нэвтрүүлэхийг хориглодог.
Top