You are here
Home > Элчин Сайдын Мэндчилгээ

Бүгд Найрамдах Сингапур Улс тусгаар тогтнолоо тунхагласны 50 жилийн ой, Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэмдэглэлт ойн баярын энэ үед миний бие Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж, Та бүхэнтэйгээ Элчин сайдын яамныхаа цахим хуудсаар дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн 45 жилийн хугацаанд манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, өргөжин тэлсээр ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 онд Сингапурт хийсэн төрийн айлчлал, хоёр улсын хооронд 2014 онд шууд нислэгийн шинэ агаарын зам нээгдэх, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний 2016 онд Монголд хийсэн анхны ажлын айлчлал зэрэг нь хоёр талын хамтын ажиллагаанд бодит ахиц гарч буйгийн илрэл юм.

Бүгд Найрамдах Сингапур Улсад Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдын хувьд манай хоёр улсын найрсаг харилцаа, бүс нутаг дахь хамтын ажиллагааг хоёр орны ард иргэдийн нийтлэг эрх ашиг, бүс нутгийн энх тайван, хөгжлийн тусын тулд өргөжүүлэн бэхжүүлэх ажилд миний бие бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллах болно. Энэ ажлын хүрээнд Монгол-Сингапурын соёлын солилцоо, иргэд хоорондын харилцаа холбоог сайжруулах тал дээр түлхүү анхаарч ажиллахыг мэдэгдэхэд таатай байна.

Энэ дашрамд ЭСЯ-ныхаа цахим хуудаст зочлон саатаж буй Та бүхэнд талархал илэрхийлэхийн сацуу хилийн чанадад суугаа Монгол иргэдээ хүссэн мэдээлэл, үйлчилгээгээр ханган ажиллахад таатай байх болохоо Элчин сайдын яамны хамт олны нэрийн өмнөөс илэрхийлье.

Та бүхэнд эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Таныг хүндэтгэсэн:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Төмөрийн Лхагвадорж

Top