You are here
Home > Embassy News > “MEINHARDT INFRASTRUCTURE” ОЛОН УЛСЫН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАР ХОТНОО АЖИЛЛАВ

“MEINHARDT INFRASTRUCTURE” ОЛОН УЛСЫН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАР ХОТНОО АЖИЛЛАВ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Мейнхард Дэд бүтэц” (MEINHARDT Infrastructure Pte Ltd) олон улсын компанийн удирдлагуудыг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо хүлээн авч уулзав. Бүгд Найрамдах Сингапур Улсад байрлалтай, дэд бүтэц, бүтээн байгуулалт, барилгын салбарт дэлхийд тэргүүлэгч, тус компанийн удирдах захирал Чан Кок Сионг, гүйцэтгэх захирал Др. Там Лай Ленг нар Ж.Бат-Эрдэнэ сайдтай уулзахдаа өөрийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, Монгол Улсын зам тээвэр, барилга, бүтээн байгуулалтын салбарт хамтарч ажиллах боломжийн талаар танилцуулав.

“Мейнхард Дэд бүтэц”  компани нь “Мейнхард” олон улсын группын охин компани бөгөөд барилга байгууламжийн бүхий салбарууд, тэр дундаа эрчим хүч, ус, хог хаягдлын байгууламжийн бүтээн байгуулалт,  төмөр зам, метро болон гүүрний барилга, газар доогуурх инженерийн шийдлүүд, инженерийн зөвлөх үйлчилгээ, дэд бүтэц бүтээн байгуулалтын салбарт бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх, хот төлөвлөлт, зам засварын салбарт бүс нутагтаа тэргүүлж буй олон улсын түвшний байгууллага юм. Бүгд Найрамдах Сингапур Улсын тэргүүлэх бүтээн байгуулалтууд болох “Garden by the Bay” цогцолбор, төвийн шугамын метроны цогцолбор, Үндэсний урлагийн галерей, Марина Бэй-д байрлах 280 м. үргэлжлэх “Helix” гүүр болон бусад төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

“Мейнхард” нь 1955 онд үүсгэн байгуулагдсан, Ази, Австрали, Европ, АНУ, Ойрхи Дорнод болон Африкт 42 салбар офис, 3800 гаруй албан хаагчтай олон улсын групп юм. “Мейнхард Дэд бүтэц” (MEINHARDT Infrastructure Pte Ltd)-ийн удирдлагууд Улаанбаатар хотноо хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл нартай тус тус уулзав. Хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын салбарт олон жилийн арвин туршлагатай тус компанийн хувьд нийслэл Улаанбаатар хотын барилга төлөвлөлт, зам болон гүүр завсарын ажил, хог хаягдал, усны хангамжийн байгууламжийн барилгын асуудлаар хамтарч ажиллах боломжтой болохыг талууд уулзалтын хүрээнд онцлов.

Бүгд Найрамдах дахь Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам тухайн айлчлалыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн бөгөөд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж тухайн уулзалтуудад биечлэн оролцсон юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр туршлагатай байгууллагыг Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарт хувь нэмрээ оруулах хамтын ажиллагааг дэмжиж, Элчин сайдын яамнаас цаашид ч энэхүү байгууллагатай хамтарч ажиллах болно.

Leave a Reply

Top