You are here
Home > Announcement > МОНГОЛ, СИНГАПУРЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН БОДЛОГЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛОВ

МОНГОЛ, СИНГАПУРЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН БОДЛОГЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО БОЛОВ

Монгол, Сингапурын Гадаад харилцааны яам хоорондын Бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өндөрлөв. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, сингапурын талаас Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Нг Тек Хеэн нар даргалав.

Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа хөгжүүлж ирснийг талууд харилцан нотолж, цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжийн талаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Сингапурын хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, санхүү, хөдөө аж ахуйн салбарт нэмэгдүүлэхийн зэрэгцээ тус улсын дэвшилтэт технологи, инноваци, ухаалаг компанийн засаглалыг Монголд нэвтрүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.

Хоёр талын бизнесийн орчин, зах зээл, боломж, эрх зүйн орчны талаар бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэмэгдүүлэхийн чухлыг сингапурын тал онцолж, бизнес форум зохион байгуулах санал тавив.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 1992 оноос хойш монголын 1400 гаруй мэргэжилтнийг тус улсад санхүү, эдийн засаг, хүрээлэн буй орчин зэрэг чиглэлээр сургалтанд хамруулж ирсэн бөгөөд Монгол Улсын хүний нөөцийн хөгжилд Сингапур Улсын хувь нэмрийг үнэлж, талархаж буйгаа монголын тал илэрхийлэв.

Цаашид хоёр талын хооронд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэх үүднээс зам тээвэр, харилцаа холбоог сайжруулах нь чухал болохыг талууд онцлоод Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй гадаад бодлогынхоо хүрээнд санал солилцож, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтов.

Leave a Reply

Top