You are here
Home > Announcement > “CIRCUIT BREAKER” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

“CIRCUIT BREAKER” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Бүгд Найрамдах Сингапур Улсад өрнөж буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Олон яамдын Ажлын хэсэгтэй зөвлөлдсөний дүнд илүү хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. “Автомат унтраалга” (circuit breaker) шиг гэсэн үг. Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр илүү том дэгдэлт үүсэх эрсдэл болон тохиолдлын тоог бууруулна. Эхний ээлжид нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Ажлын хэсгээс “Circuit Breaker” арга хэмжээний талаар та бүхэнд илүү дэлгэрэнгүй танилцуулах ч энэхүү арга хэмжээний гол санаа нь:

  1. Аль болох гэртээ байх
  2. Өөрийн гэр бүлээс өөр хүмүүстэй харилцаанд орохгүй байх
  3. Зөвхөн нэн шаардлагатай тохиолдолд гадагш гарах юм.

Хүний төрөлх зан араншинд ийнхүү “зай барих” нь сэтгэлзүйн хувьд тун хүнд гэдгийг ойлгож байна. Гэвч олон нийтээс “зай барих” нь вирусийн халдварыг удаашруулах хамгийн үр дүнтэй арга гэдгийг та бүхэн ойлгоно хэмээн найдаж байна. Сингапур Улсыг COVID-19-оос ангид байлгахад хүн бүр өөрөөс шалтгаалах зүйлийг хийж чадна, хийх ч ёстой. Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газраас аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх багц цуврал арга хэмжээг авч ажиллаж байна. Шадар сайд Хенг энэ тухай Парламентын хуралд танилцуулсан. Түүнчлэн, бид иргэдээ амны хаалт зүйхгүй байх уриалгаа зогсоож байна. Мэс заслын амны хаалтыг эрүүл мэндийн үйлчилгээний ажилтан нарт үлдээж харин иргэдэд олон удаагийн хэрэглээний амны хаалтыг 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 12-ны өдрүүдэд олон нийтэд тараахаар боллоо. Амны хаалттай байсан ч гараа сайтар угааж, бусдаас зай барих хэрэгтэй. Ирэх хэдэн долоо хоног бидний хувьд маш чухал байх болно. Бид хамтдаа хичээвэл халдварын тоог хяналтад авч, бууруулж чадна. Сүүлийн 2 сарын хугацаанд маш олон эмч, сувилагч, эмнэлгийн үйлчилгээний ажилчид болон “гинжин холбоо тогтоогч” нар ядарч цуцалгүй ажиллаа. Бид тэдний хичээл зүтгэлд маш их талархаж байна. Одоо бид тэдэнтэй хамт “фронт”-д нэгдлээ. Энэ нөхцөл байдлыг давж гарч чадах улс байвал, тэр нь Сингапур Улс. Бидэнд нөөц, зорилго байна. Бид нэгдэж чадсан. Энэ цаг үед бие биедээ тусалж, дэмжсэнээр бид илүү хүчирхэгжинэ” гэжээ.

“Circuit Breaker”

COVID-19-ын дотоод халдварын өсөлтийг урьдчилан зогсоох чиглэлээр Ажлын хэсгээс өндөржүүлсэн “зай барих” багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Арга хэмжээний гол зорилт нь олон нийтийн болон хувийн эзэмшлийн байршил дахь хөдөлгөөн, харилцааг мэдэгдэхүйц бууруулсан байх юм. Үүний тулд нийт сургуулиудын үйл ажиллагааг гэрт-суурилсан сургалтын байдлаар зохицуулж, нэн шаардлагатай үйлчилгээнээс бусад албан газруудыг хаах болон цахимаар гэрээсээ ажиллахаар зохицуулна. Иймд 4 дүгээр сарын 7-ноос 5 дугаар сарын 4-ны өдрийг дуустал 4 долоо хоногийн турш өндөржүүлсэн “зай барих” арга хэмжээг хэрэгжүүлэх боллоо.

• Өдөр тутмын хэрэгцээний үйлчилгээний газрууд нээлттэй хэвээр байна.

• Зоогийн газрууд, гудамжны хоолны газрууд, кофе шоп болон бусад хоол, ундны газрууд зөвхөн авч явах болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ. Хүнсний бүтээгдэхүүн хангагч нар буюу үйлдвэрлэгч, боловсруулагч, импортлогч, худалдаалагч, хөргөлтийн үйлчилгээ болон супермаркет, хүнсний дэлгүүр, бөөний дэлгүүрүүд нээлттэй хэвээр байна. Иргэд хүнсний бүтээгдэхүүний хүртээмжид итгэлтэй байж болно.
• Өдөр тутамд шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг барааны дэлгүүрүүд буюу супермаркет, эмийн сан, зоогийн газар, хоол ундны үйлчилгээний газрууд болон бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний газрууд нээлттэй байна. Үүнээс бусад бүх барааны дэлгүүрүүд хаагдана. /Их дэлгүүрийн зөвхөн хүнсний дэлгүүр нээлттэй байна./
• Нийтийн үйлчилгээ болон төрийн үйлчилгээг үзүүлэх боловч ихэнх нийтийн үйлчилгээний албан хаагч нар цахимаар ажиллана. Үйлчилгээний лангуунуудын тоог болон биеэр ажиллах албан хаагчдын тоог цөөлж, цахимаар үйлчилгээг үзүүлнэ. Яаралтай шаардлагатайгаас бусад тохиолдолд биеэр очиж үйлчилгээ авахгүй байхыг иргэддээ зөвлөж байна.
• Чухал шаардлагатай үйлчилгээ болох эмнэлэг, нийгмийн, санхүүгийн, цэвэрлэгээ, ус, эрчим хүч, хүрээлэн буй орчны үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Мөн өдөр тутмын амьдралд хэрэгтэй зарим үйлчилгээ (үсчин, цахилгаан шатны засвар, угаалга г.м), тээврийн болон харилцаа холбооны үйлчилгээ нээлттэй хэвээр байна. Тухайлбал, үсчид зөвхөн энгийн үс тайралт хийнэ; хими, будаг зэрэг хугацаа их шаардах үйлчилгээ үзүүлэхгүй. Мөн гоо сайхан, маникюр зэрэг газрууд ажиллахгүй.
• Улсын хэмжээний нийт 25 номын сан болон номын дэлгүүрүүд хаагдана. Өмнө номын сангаас авсан байсан номын хэтэрсэн хоногийг номын сан ажиллаж эхэлснээс хойш 3 долоо хоногийн хугацаатай сунгаж, хугацаа хэтрүүлсэн ямар нэгэн торгууль авахгүй.
• Шуудангийн үйлчилгээ болон сонин хүргэлтийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ.

• Ажлын байрыг хаах тухай

• Ихэнх аж ахуй нэгж, байгууллагууд цахимаар ажиллах ажилтнуудын тоог зохицуулах арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн байсан. Хөдөлмөрийн яамны зөвлөмжийг мөрдөөгүй аж ахуй нэгжүүдэд “ажил зогсоох захирамж” болон “засаж сайжруулах захирамж”-ийг өгч байгаа. Гэвч нэмэлт арга хэмжээг авах шаардлагатай байгаа тул 4 дүгээр сарын 7-ноос 5 дугаар сарын 4-ны өдрийг дуустал гэрээс цахимаар ажилтнуудаа ажиллуулах боломжгүй аж ахуй нэгжүүд бүх бизнес, олон нийтийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Үүнд чухал шаардлагатай үйлчилгээний газрууд хамаарахгүй.
• Чухал шаардлагатай үйлчилгээний газрууд үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай ажилтныхаа тоог хамгийн бага байхаар зохицуулж, ажлын байран дахь “зай барих” арга хэмжээг баримтлуулна. Олон нийтийн харилцааг цайны цагийн үед ч хязгаарлана. Хэрэв эдгээр үйлчилгээний газруудад халдварын тохиолдол илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч болзошгүй.
• Сингапур Улсад ажиллаж буй гадны гэрээт ажилчдын дотуур байранд халдварын голомт /кластер/ үүсээд буй энэ цаг үед үүнд анхаарлаа нэмэгдүүлээд байна. Дотуур байранд амьдардаг ажилчид байрнаасаа гарахгүй байх, дотуур байрны хянагчид халдварын эрсдэлийг багасгах үүднээс байр хоорондын хүмүүсийг бөөгнөрүүлэхгүй байхад анхаарч, Хөдөлмөрийн яамны заавар зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай.

• Гэрт-суурилсан сургалтын тухай

• 4 дүгээр сарын 8-наас 5 дугаар сарын 4-ны өдрийг дуустал бүх сургууль болон дээд боловсролын институтүүд гэрт-суурилсан сургалтын системд бүрэн шилжинэ. Цэцэрлэг болон өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагааг зогсооно. Боловсролын хувийн байгууллагууд мөн гэрт-суурилсан сургалтад шилжүүлэх ба хэрэв боломжгүй тохиолдолд хичээлээ зогсоох шаардлагатай.
• Чухал шаардлагатай үйлчилгээний газруудад /эмнэлгийн үйлчилгээ/ ажилладаг эцэг эх нар хүүхэд асрах асуудлаа зохицуулах боломжгүй тохиолдолд хүүхдийнхээ цэцэрлэг, сургуульд хандан дэмжлэг хүсэх боломжтой.

• Амралт, үзвэр, шашны үйлчилгээний газруудыг хаах тухай

• 4 дүгээр сарын 7-ноос эхлэн бүх үзвэр үйлчилгээ, соёл амралтын хүрээлэн, музей, зоопарк, казино зэргийг хаана. Түүнчлэн олон нийтийн болон хорооллын усан сан, спорт заал, фитнесс зэргийг хаана. Зочид буудлууд дахь амралтын үйлчилгээний газрууд мөн адил хаагдана.
• Өмнөх хязгаарлалтад дурдсанчлан спортын болон шашны үйл ажиллагаа зохион байгуулахыг зогсоосон. Шашны байгууламжууд хаалттай хэвээр байна.

 

Top