You are here
Home > Announcement > ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2020 ОНЫ 5 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС

Сингапур Улсад өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын 448 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авасдын тоо 29,812-д хүрээд байна. Үүний ихэнх нь гадаад ажилчдын дотуур байранд байрлаж байсан ажиллах хүчнээс тогтоогдсон талаар ЭМЯ-ны урьдчилсан мэдээлэлд дурдав.

Сингапур улс COVID-19 улмаас авч хэрэгжүүлж байсан зарим хязгаарлалтыг хөнгөвчилж, хилээ дахин нээхээр бэлдэж байгаа тул 6-р сарын 2-ны өдрөөс эхлэн Чанги нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх боломжийг нээхээр төлөвлөж байна. Зорчигчдыг дамжин өнгөрөх бүсэд зориулалтын байгууламжид байлгаж, нисэх онгоцны буудлын бусад зорчигчидтой холилдохгүй байх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн Сингапурын Иргэний нисэхийн газар (CAAS) 5-р сарын 20-ны өдөр мэдэгдэв. Мөн нисэх онгоцны буудлын ажилтнууд зорчигчидтой харилцахдаа хувийн хамгаалалтын хэрэгсэл зүүх шаардлагатай болно. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тухайлбал: аюулгүй зорчих, зорчигч, ажилчдын температурыг шалгах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж тус байгууллагаас мэдэгдлээ.

Одоогийн байдлаар гадаадын зорчигчдыг засгийн газруудынхаа хамтарсан буцах нислэгээр явж байгаа тохиолдолд л Сингапураар дамжин өнгөрөх боломжийг олгож байгаа юм. Мягмар гарагт Эрүүл мэндийн яам Сингапур улс хилээ хамгаалалтад авч, Сингапурчуудад гадаадад нэн шаардлагатай үйл ажиллагаа эрхлэх, гадаадын иргэд тус улсад нэвтрэх, дамжин өнгөрөх боломжийг олгох болно гэж мэдэгдэв.

Авиа компаниуд Чанги нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх талаар саналаа урьдчилан ирүүлэх ёстой гэж CAAS мэдэгдэв. Саналыг нисэхийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийн байдал, зорчигч, агаарын багийн гишүүдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үнэлэх болно гэж нэмж хэллээ. Энэ бол Сингапур Улсын аюулгүй байдал, аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ улсын эдийн засаг, ард түмний хэрэгцээг хангах зорилгоор агаарын тээврийг аажмаар дахин нээх стратегиийн нэг хэсэг юм хэмээн мэдэгдэв.

No photo description available.

БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛС

Филиппин Улсад өнөөдрийн байдлаар (COVID-19)-ийн халдвар авсан 213 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 13,434-д хүрчээ. 4 хүн нас барснаар нийт эндэгдэл 846 бүртгэгдэж, 68 хүн эдгэрснээр нийт 3,000 хүн бүрэн эдгэрч эмнэлэг болон тусгаарлалтаас гарсан байна.

No photo description available.

БРУНЕЙ ДАРУССАЛАМ УЛС

Бруней Даруссалам Улсад өнөөдрийн байдлаар (COVID-19)-ийн халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдээгүй ба нийт батлагдсан тохиолдол 141 хэвээр байна.

2020 ОНЫ 5 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС

Бүгд Найрамдах Сингапур Улс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн “circuit break” олон нийтийн хөл хорионы дэглэмийг тогтоосон бөгөөд энэхүү бодлогын хүрээнд олон нийтийн бүхий л үйл ажиллагааг тодорхой хүрээнд хориглосон бөгөөд шаардлагатай төрийн үйлчилгээнүүд хэвийн үргэлжилж зөвхөн хүнсний дэлгүүр, хоол, хүнсний хүргэлтийн үйлчилгээ зэргийг зөвшөөрсөн билээ. Дээрх хөл хорионы хугацаанд дотоодын халдварын нөхцөл байдал аажмаар буурч гадаад ажилчдын дотуур байранд байрлаж буй цагаач ажилчдын дунд бүртгэгдэж буй халдварын тоо огцом өсч байв. Учир нь тус Улсын Засгийн газрын зүгээс дээрх тархалтын голомт болж буй дотуур байрнуудыг тусгаарлалтанд авч эрүүл мэндийн тандалт судалгаа, оношлогоон дээр онцгойлон анхаарч ажиллаж буйтай холбоотой хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байгаа юм.
Улмаар 5 дугаар сарын 12-ны өдрөөс дотоодын халдварын нөхцөл байдал буурч буйг харгалзан үзэж зарим шаардлагатай үйлчилгээг эргэн сэргээж бусад үйл ажиллагааг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хориглосон шийдвэр гаргав.
2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Цар тахлын асуудал хариуцсан олон яамдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хуралдааны шийдвэрээр 6-р сарын 2-ны өдрөөс эхлэн төлөвлөгөөний дагуу /circuit break/ олон нийтийн хөл хорионы дэглэмийг 3 үе шаттайгаар буруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн ажлын хэсгээс зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр мэдэгдэв. Олон нийтийн дунд халдвар дамжих магадлал өндөр хэвээр байгаа тул Засгийн газар эхний үе шатанд халдвар дамжих өндөр эрсдэл учруулахгүй гэж тооцож буй эдийн засгийн зарим үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэж Эрүүл мэндийн яам, Худалдаа, аж үйлдвэрийн яам мэдэгдэв.

Нэгдүгээр үе шат:

Үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай бизнесүүдээс гадна халдвар дамжуулах эрсдэл багатай орчинд үйл ажиллагаа явуулах боломжтой бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа нээхийг зөвшөөрөх бөгөөд түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг тодорхой аюулгүй ажиллагааны удирдамжийн дагуу ажиллах эрх олгох аж. Мөн цахимаар үйл ажиллагаа явуулах боломжтой байгууллагуудыг үргэлжлүүлэн цахим байдлаар ажиллахыг зөвлөж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Ган Ким Ён, COVID-19-ийн асуудал эрхэлсэн олон яамны ажлын хэсгийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар бууруулах шийдвэр гаргах болсон нь олон нийтийн дунд халдварын тохиолдол цөөн байгаа, гадаад ажилчдын дотуур байруудад тархсан халдварын нөхцөл байдал тогтворжсонтой холбоотой юм хэмээв. Мөн тодорхой үе шаттайгаар хөл хорионы дэглэмийг бууруулахгүйгээр шууд бүх үйл ажиллагааг нээх шийдвэр гарсан тохиолдолд Сингапурт олон нийтийн дунд өдөр бүр шинэ тохиолдол нэмэгдэх хандлагатай байна гэж тэрээр анхааруулав.

– Эхний үе шатын үед айл өрх бүр эцэг эх, эмээ өвөө дээрээ зочлохыг зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь гэр бүлийн хамт цагийг өнгөрөөж, бие биедээ дэмжлэг үзүүлэх боломжийг олгоно хэмээгээд, гэхдээ айл бүр дээрх байдлаар харилцан зочлохыг өдөрт зөвхөн нэг удаа, хоёр хүнээс илүүгүй байх ёстой гэж мэдэгдэв. Түүчэн үр хүүхэд, ач зээ нарыг эцэг эх, эмээ, өвөөдөө зочлохыг эрхэмлэж харин эцэг, эх, эмээ, өвөө нар гэртээ байхыг зөвлөж байгаа юм.
– Гэрлэх ёслолын арга хэмжээг нэг удаад 10 хүртэл хүнтэй зохион байгуулахыг зөвшөөрнө.
– Шашны сүм хийд, мөргөлийн газрууд нь нээгдэх боломжтой бөгөөд нэг өрхийн хамгийн ихдээ таван гишүүнийг нэг дор хамтдаа байж шашны зан үйл хийхийг зөвшөөрч байгаа юм.
– Гэр бүлүүд нэг дор 10-аас илүүгүй хүн цуглаж, оршуулах ёслолын ажиллагаа зохион байгуулж болно.
– Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа 6-р сарын 2-нд нээгдэх бөгөөд ингэснээр бага насны хүүхдүүдийг аюулгүй асран халамжилж, эцэг эх нь ажилдаа эргэн ороход дэмжлэг үзүүлж байгаа аж. /Сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилладаг багш, асрагч, үйлчилгээний ажилтнуудыг бүрэн оношлогоонд хамруулах үйл ажиллагааг Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэв/
– Бага, дунд сургуулийн сурагчид хуваарьт амралт дуусч хичээл эхлэхийг зөвшөөрч байгаа бөгөөд бусад ангиллын оюутнууд 7 хоногт ээлжлэх буюу гэрээр суралцах арга замаар сургалтын үйл ажиллагааг эхлэхийг зөвшөөрнө.
– Дээд боловролын шатлалын сургуулиуд практик дадлага сургалтуудыг сургуулийн орчинд зохион байгуулах бөгөөд лекцийн хичээлийг цахимаар үргэлжлүүлэх юм.
– Эмнэлгийн тусламж, амбулаторийн тусгай үйлчилгээ, архаг өвчний менежмент зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь эмнэлгийн хэрэгцээ, боломжит чадавхид тулгуурлан эрүүл мэндийн байгууллагуудыг эрэмбэлэх болно. Тухайлбал: Хүнд хэлбэрийн өвчтэй өвчтөнүүдийн хамтарсан мэс засал, хорт хавдрын үзлэг, тандалтын үйлчилгээ зэрэг өндөр эрсдэлтэй бүлгүүдийн хамрах хүрээ, шүдний эмчилгээ, чихрийн шижингийн хөлний үзлэг зэргийг багтаасан болно. Ханиад томуугийн эсрэг вакцинжуулалт гэх мэт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээнүүд ч хэвийн үргэлжлэх ба Эрүүл мэндийн нэмэлт үйлчилгээ нь нэг удаагийн товлосон хугацаагаар үргэлжлэх бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны зүүний эмчилгээг бүх нөхцөлд зөвшөөрнө.

Хоёрдугаар үе шат:

Эхний шатлалыг хэрэгжүүлж эхэлсний дараа олон нийтийн дунд цар тахлын тархалтын тоо хэмжээ хамрах хүрээ зэргийг судлах бөгөөд дараагийн буюу хоёрдугаар шатлалд шилжих хугацааг тооцох аж. Хэрэв дотоодын тархалт нэмэгдэхгүй буюу эерэг үр дүн үзүүлж буй тохиолдолд хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй тодорхой зөвлөмжийн дагуу худалдааны төвүүд нээгдэж, зоогийн газруудад сууж хооллох, фитнес бялдаржуулах төв, бүх шатны сургалтын байгууллагуудын танхимын хичээл, олон нийтийн газруудад иргэд дасгал хөдөлгөөн хийх, чөлөөт цагийг өнгөрүүлэх, олон нийтийн соёл урлагийн үйлчилгээг тодорхой төвлөрөл үүсгэхгүй нөхцөлд үйл ажиллагааг эргэн сэргээхээр төлөвлөж байгаа аж.

Гуравдугаар үе шат:

Сингапур Улс даяар бүхий л үйл ажиллагаа хэвийн горимд шилжих.

No photo description available.

No photo description available.

No photo description available.

2020 ОНЫ 5 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДӨР

БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛС

Сингапур Улсад өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын 741 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авасдын тоо 20,939-д хүрэв. Шинээр бүртгэгдсэн дээрх тохиолдлуудын ихэнх нь гадаад ажилчдын дотуур байранд байрлаж буй ажиллах хүнээс илэрсэн бол арван нэгэн тохиолдол нь Сингапурын иргэд болон байнгын оршин суугчид байсан талаар ЭМЯ-ны урьдчилсан мэдээлэлд дурдав.

Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт дүнгээр 1,634 хүн бүрэн эдгэрч эмнэлэг болон тусгаарлалтаас гарсан бол одоогийн байдлаар COVID-19 шалтгаант хүндрэлийн улмаас 20 хүн нас барсан байна.

Нөхцөл байдлаас үүдэн хэрэгжүүлж буй нэмэлт арга хэмжээ:
  • Бүгд Найрамдах Сингапур Улс “COVID-19”-ын нөхцөл байдалтай холбогдуулан хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг хөнгөвчлөх болсон. Үүнд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа болон зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хятадын уламжлалт анагаах ухааны төвүүд зөвлөгөө өгч, зүүн эмчилгээ хийж эхлээд байна. Түүнчлэн мөн өдрөөс орон сууцны нийтийн эзэмшлийн талбайд биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрлөө.
  • Ажлын хэсгээс ирэх долоо хоногуудын нөхцөл байдлыг ажиглан, цаашид шаардлагатай арга хэмжээ, зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллана.

2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Парламентын хуралдааны үеэр Ажлын хэсгийн дарга, Үндэсний хөгжлийн сайд Лавренс Вонг болон Эрүүл мэндийн сайд Ган Ким Ёнг нар “COVID-19”-ын өнөөгийн нөхцөл байдал, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хэрхэн ажиллах талаар танилцууллаа. Сайд нарын хэлсэн үгнээс дурдваас:

  • Цаг нь ирэхээр бид “COVID-19” цар тахлын талаар болон авсан хариу арга хэмжээний талаар нарийн судална. Аливаа хямралын дараа Засгийн газраас ийм дүгнэлтийг тогтмол хийсээр ирсэн. 2003 оны “SARS”-ын тархалтаас суралцсан зүйлс нь “COVID-19” цар тахалтай тэмцэхэд маш их тус нэмэр болсон. Одоогийн байдлаар олон нийтийн дотоод халдвар болон гадаад ажилчдын дотуур байрны халдварыг хянаж, зогсооход анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ бүхэн дуусахаар бид эргэн харж, туршлагаасаа суралцана гэдэгт итгэлтэй байна.
  • 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн “Circuit Breaker” өндөржүүлсэн зай барих, хөл хорионы арга хэмжээний үр дүн гарч эхэлж байна хэмээн үзэж байна. Олон нийтийн дундах дотоод халдварын тохиолдлын тоо 31 байснаас өнгөрөгч долоо хоногт 11 болж, мөн өмнөх тохиолдлуудтай холбоогүй, гарал нь тодорхойгүй тохиолдлын тоо 12-оос 5 болж буурсан байна.
  • Ерөнхийд нь авч үзвэл халдварын тохиолдлын тоо маш өндөр байгаа хэдий ч нас баралт харьцангуй бага байгаа. Энэ нь өвчтөн нарын ихэнх нь залуу насны байгаагаас болон эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж буй манай ажилчдын хичээл зүтгэлээс үүдэлтэй.
  • Халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэх талаар таамаглаж байсан тул эмнэлгийн болон эрчимт эмчилгээний тасгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж урьдчилан бэлтгэх арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, 1 дүгээр сард тусгаарлах орны тоо 550 орчим байсан бол 5 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 1500 болж нэмэгдсэн. Халдварт өвчний үндэсний төвийн нөөц бололцоог 100-аас 500 болгон нэмэгдүүлээд байна. Өнөөгийн байдлаар 22 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй ба 150 орчим хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх боломжтой. Шаардлагатай тохиолдолд эрчимт эмчилгээний орны тоог 450 орчмоор нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн эрчимт эмчилгээнд шаардлагатай амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжийн хангамж хангалттай байгаа.
  • Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч, дотоод халдварын тоо буурсан хэдий ч “гинжин холбоо” тогтоогүй тохиолдлууд байсаар байгаа нь бидэнд мэдэгдээгүй “нууц” тохиолдлууд байсаар байна. Дэлхий дахинд халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байна. Тархалтын “2 дахь давлагаа”-наас сэргийлэх хэрэгтэй.
  • Бид нийтээрээ хамтран ажиллаж чадвал 6 дугаар сарын 1-ний өдөр гэхэд дотоод тархалтын тоо буурч, гадаад ажилчдын дотуур байрны халдварыг бүрэн хяналтад авч чадвал шат дараалалтайгаар эдийн засгаа нээх, үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэнэ.
  • Дэлхий дахины болон улс тус бүрийн нөхцөл байдал, халдвартай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэргийг харгалзан хил нээх асуудлыг авч үзнэ. Хил нээх тохиолдолд бага багаар, тус бүр сонгож нээх/нэвтрүүлэх магадлалтай ба тусгаарлалт, оношилгооны шаардлагыг тавих болно.
  • Сингапур Улс өнөөг хүртэлх хугацаанд 140,000 орчим шинжилгээ оношилгоо хийгээд байна. 100,000 хүн тутмын 2,500 орчим оношилгоо хийж байгаа нь дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэж байна. Өнөөгийн байдлаар өдөрт 8000 гаруй PCR оношилгоо хийх нөөц бололцоотой байна.
  • Халдварт өвчний үндэсний төвөөс эрүүл мэндийн үйлчилгээний ажилчид, “COVID-19”-ын халдвар авсан хүнтэй ойр хавьталд байсан хүмүүс болон ерөнхий хүн амын бүлэгт серологийн шинжилгээ хийсэн байна. Судалгааны дүн өнгөрсөн долоо хоногт гарсан ба эрүүл мэндийн үйлчилгээний ажилчид болон ерөнхий хүн амд хийсэн 2000 орчим шинжилгээний дээжээс эсрэг биет буюу антибоди илрээгүй ажээ. Түүнчлэн “COVID-19”-ын халдвар авсан хүнтэй ойр хавьталд байсан хүмүүсээс авсан шинжилгээний 5%-д эсрэг биет илэрсэн байна.
  • Нийт ард иргэдэд асимптоматик шинжилгээ хийх саналыг зарим хүмүүс дэвшүүлсэн. Дотоод халдварын тоо бага байгаа, оношилгооны дараа халдвар авах эрсдэл зэргийг тооцож оношилгооны тестийн нөөцийг үр дүн ашиглах хэрэгтэй. Иймд асимптоматик шинжилгээг зорилтот бүлгүүдийг сонгож хийж эхлээд байна. “COVID-19”-ын халдвар авсан хүний гэр бүлийн гишүүн, шинж тэмдэг илрээгүй бага насны хүүхдүүд, ахмадын асрах төвд байрлаж буй өндөр настай иргэд болон Сингапур улсад зорчиж буй хүмүүст хил дээр шинжилгээ хийж байна.
  • Өнөөгийн байдлаар нийт 50 “гинжин холбоо” тогтоох багийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн “SafeEntry” бүртгэлийн систем болон “TraceTogether” аппликейшныг ашиглаж байна. /ЭСЯ-ны өмнөх шуурхай болон танилцуулах мэдээгээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлсэн./
  • “COVID-19” цар тахалтай тэмцэхэд хүн бүрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэйг дахин онцлов.

БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛС

Филиппин Улсад өнөөдрийн байдлаар (COVID-19)-ийн халдвар авсан 339 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 10,344-д хүрчээ. 27 хүн нас барснаар нийт эндэгдэл 685 бүртгэгдэж, 112 хүн эдгэрснээр нийт 1,618 хүн бүрэн эдгэрч эмнэлэг болон тусгаарлалтаас гарсан байна.
No photo description available.

БРУНЕЙ ДАРУССАЛАМ УЛС

Бруней Даруссалам Улсад өнөөдрийн байдлаар (COVID-19)-ийн халдвар авсан 2 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 141-д хүрчээ. Нийт эндэгдэл 1 бүртгэгдэж, 131 хүн бүрэн эдгэрч эмнэлэг болон тусгаарлалтаас гарсан байна.

2020 оны 01 сараас хойш тус улсад нийт 14,938 хүнд (COVID-19) оношлогоо хийсэн ба 2551 сэжигтэй тохиолдол тусгаарлалтаас гарсан бол одоогийн байдлаар 157 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан хянаж байгаа аж.

No photo description available.

Top