СИНГАПУР УЛС /STAY HOME NOTICE/ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТЫН ГОРИМЫГ ХЯНАХ ЦАХИМ ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАХ ТУХАЙ

Тус Улсыг зорин ирж буй бүх зорчигчид, түүний дотор буцан ирж буй оршин суугчид, Long term visit pass, Work pass эзэмшигчид болон /Dependant pass/ тэдгээрийн хамаарал бүхий иргэд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23:59 цагаас эхлэн Stay home notice буюу гэрийн тусгаарлалтанд байх хугацаанд цахим хяналт хийх төхөөрөмжөөр 14 хоногийн хугацаанд хянах бөгөөд 12 ба түүнээс доош насны хүүхдүүд энэхүү шаардлагаас чөлөөлөгдөх аж.
Сингапур улс хилийн зорчих хөдөлгөөнөө аажмаар эргэн нээх үйл ажиллагаанд Цагаачлал, шалган нэвтрүүлэх алба (Immigration and checkpoint authority), Хүний нөөцийн яам (Ministry of Manpower), Боловсролын яам (Ministry of Education) хамтран “Stay home notice” буюу гэрийн тусгаарлалтанд байх мэдэгдлийг дагаж мөрдөх нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлж улмаар зорчин ирж буй аялагчид COVID-19 цар тахлыг дамжуулах эрсдэлийг бууруулах арга хэмжээний хэлбэр хэмээн мэдэгдэв.

-2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус улсад ирж буй бүх зорчигчид Сингапур Улсад орж ирснээс хойш 14 хоногийн турш SHN гэрийн тусгаарлалтын горимыг мөрдөх ёстой бөгөөд тусгаарлалтын хугацаа дуусахад онош тогтоох арга хэмжээ авч гарын авлага, автомат мессеж, утасны видео дуудлага, гэрт биечлэн очиж уулзах замаар SHN гэрийн тусгаарлалтын горимыг хэрхэн хэрэгжүүлж буйг хянаж байсан ба дээрх цахим хяналтын төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр гэрийн тусгаарлалтанд байгаа хугацаанд илүү үр дүнтэй хянах боломжтой болно хэмээн мэдэгдэв.

Цахим хяналтын хэрэгслийг ашиглах

-Зорчин ирэгсдийг Сингапур Улсад ирсэн даруйд буюу шалган нэвтрүүлэх цэг дээр цахим хяналтын төхөөрөмжийг олгох бөгөөд оршин сууж буй газартаа хүрсний дараа цахим хяналтын төхөөрөмжийг идэвхжүүлэх шаардлагатай болно. Хэрэв төхөөрөмжийг идэвхжүүлээгүй тохиолдолд холбогдох байгууллагууд байршлыг нь шалгаж, техникийн хүндрэлийг арилгахад туслаж, шаардлагатай тохиолдолд албадлагын арга хэмжээ авах аж.
-14 хоногийн хугацаанд эдгээр төхөөрөмжийг ашиглаж буй хүмүүс Цахим төхөөрөмжөөр дамжуулан оршин суугаа газраасаа гарах эсвэл төхөөрөмжийг гэртээ орхин гарах зэрэг аливаа оролдлого нь мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад анхааруулга өгөх болно. Тухайн хүн COVID-19 вирусын шинжилгээ өгөх зорилгоор оршин суугаа газраа орхиж явахаас бусад тохиолдолд хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагад анхааруулга өгөх болно. Тусгаарлалтын хугацаа дуусч тухайн этгээд вирусын шинжилгээ өгч халдваргүй болох нь тогтоогдсоны дараагаар зааврын дагуу төхөөрөмжийг идэвхгүй болгож, буцаан өгөх шаардлагатай.
-Төхөөрөмж нь тухайн этгээдийг оршин суугаа газрынхаа хүрээнд байгаа эсэхийг тодорхойлохын тулд GPS болон 4G, Bluetooth дохиог ашигладаг. Төхөөрөмжүүд нь ямар ч хувийн өгөгдлийг хадгалахгүй бөгөөд дуу, видео бичлэг хийх функцгүй байх юм. Энэхүү төхөөрөмжөөс GPS, 4G, Bluetooth дохионы тусламжтайгаар дамжуулж буй өгөгдлийг удирдлагын системд нууцлалыг ханган ажиллах аж.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах

Засгийн газрын зүгээс эдгээр төхөөрөмжүүдийн цуглуулсан хувийн мэдээллийг удирдах, хамгаалах чиглэлээр олон нийтийн байгууллагын өгөгдөл хамгаалах дүрмийг чандлан сахих бөгөөд хяналт, мөрдөн байцаалт явуулах зорилгоор холбогдох байгууллагаас эрх бүхий төрийн албан тушаалтнууд л өгөгдөлд хандах боломжтой.
Гэрийн тусгаарлалтын горимыг дагаж мөрдөхийн ач холбогдол
Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс Засгийн газрын зүгээс гэрийн тусгаарлалтын горимыг дагаж мөрдөхийг бүх хүмүүст сануулж байна. Тусгаарлалтын горимыг зөрчсөн болон цахим төхөөрөмжийг гэмтээж үрэгдүүлсэн тохиолдолд Халдварт өвчний үед хэрэгжүүлэх журмын дагуу хариуцлага хүлээх болно. 10,000 хүртэлх долларын торгууль ногдуулах болон зургаан сар хүртэл хорих ялаар шийтгэх аж. Гадаадын иргэдийн хувьд тус улсад оршин суух, ажиллах гэх мэт бүхий л зөвшөөрлийг цуцалж, тус улсыг орхин гарахыг шаардах зэрэг зохицуулалтыг мөрдөх аж.